Захирлын мэндчилгээ


Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, ажилтан ажиллагсад, оюутан залуус, цэцэрлэгийн бяцхан шавь нар, эцэг эхчүүд та бүхэндээ эрдэм оюуны найр тавин, чин сэтгэлээсээ  мэндчилж байна.

 

Та бид хамтдаа сургуулийн өмнөх  боловсролын салбар хэмээх их айлын эзэд билээ. Айл өнгөтэй, гэрэл гэгээтэй, инээд хөөр, амжилт бүтээлээр дүүрэн байхын эх үндэс  нь өрхийн гишүүдийн төлөв төвшин зан харилцаа, мэдлэг оюун, ажил хөдөлмөр  гэдэгт би итгэдэг.

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн хамт олон бид сургуулийн өмнөх боловсролын салбар хэмээх энэ их айлын тулгын чулууг түшилцэн, эрдэм мэдлэгийг түгээсээр хагас зууны арвин туршлага хуримтлуулж, цэцэрлэгийн зуу зуун багш, боловсон хүчнийг бэлтгэж байгаагаараа бахархаж, бас хариуцлагатай чармайн ажиллаж байна. 

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн эрхэм зорилго нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрдэм мэдлэг, зан үйлтэй; олон улсад хүлээн зөвшөөрөх туршлага, арга зүй эзэмшсэн; бүтээлч, бүтээгч ур чадвартай; бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хандлага, үзэл баримтлалтай цэцэрлэгийн багшийг бэлдэж, хөгжүүлэхэд чиглэж байна.

Сургуулийн боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн хамгийн хүндтэй үйлчлүүлэгчид нь 6 хүртэлх насныхан тэдний эцэг эх байдаг. Хүний амьдралын эхний жилүүд тэр дундаа 6 хүртэлх нас бол хөгжлийн хамгийн эрчимтэй, хурдацтай үе гэдгийг шинжлэх ухаан олонтаа нотолсон. Энэ насны дадал, хэвшил насан туршийнх байдаг төдийгүй,  хожмын амжилттай суралцах, чанартай амьдрах  суурь үндэс болдог. Бага, балчир насны хүүхдүүд нь цэвэр ариун сэтгэлтэй, ямагт гэгээлэг, өөдрөг, аз жаргалаар бялхан байдаг нь цэцэрлэгийн багшийг “эх орны ирээдүйн хөтөч” хэмээн хүндэтгэн хайрлах  шалтгаан болдог. 

 

Сургуулийн өмнөх боловсролын сургуульд эрдмийн арвин бүтээлтэй, урлан бүтээх  авьяастай, суралцагч залуусыг үлгэрлэх бахдам сайхан зан үйл, туршлагатай эрдэмтэн багш нар ажиллаж байгаа нь бидний бахарал юм.  Мөн 21 аймаг, нийслэл хотоос сурлагын амжилтаар шалгаран үнэлэгдсэн 1300 гаруй оюутан суралцагчид нь Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн хамт олны цөм, амжилтын эх сурвалж гэдгийг онцгойлон тэмдэглэмээр байна. 

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн хамт олон бидэнд хийх зүйл, хөгжин дэвших шат олон байна. Энэхүү хөгжил дэвшлийн шат өөд хамтдаа, олуулаа алхахыг бид хүсч, зорьж  байна.

 

Номын цагаан буян дэлгэрч, эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай.

 

ЗАХИРАЛ  ДЭД ПРОФ. ДОКТОР  Л.ГАНЦЭЦЭГ