Танилцуулга



Цэцэрлэгийн багш бэлтгэх ажил 1941 онд ГЯ-ны дэргэд цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн 3-6 сарын курс нээж 248 хүмүүжүүлэгч  бэлтгэснээр анх эхэлжээ.

1951-1952 оны хичээлийн жилээс Улаанбаатар хотын Багшийн сургуулийн дэргэд 1 жилийн курс нээж 48 хүмүүжүүлэгч, улмаар 1953-1954 оны хичээлийн жилээс 3 жилийн сургалтаар 218 цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш бэлтгэжээ.

1962-1963 оны хичээлийн жилээс Цэцэрлэгийн багшийн сургууль нэртэй бие даасан сургууль байгуулагдаж тусгай дунд боловсролтой цэцэрлэгийн багш арга зүйч бэлтгэжээ.

1995-1996 оны хичээлийн жилээс хөгжмийн багшийн сургуультай нэгдэж сурган хүмүүжүүлэх ухааны коллеж нэртэй 2 факультеттай ажиллажээ.Ректорын 1997 оны 399 тоот тушаалаар нэрийг нь өөрчилж цэцэрлэгийн багшийн коллеж, 2001 оны 287 тоот тушаалаар цэцэрлэгийн багшийн сургууль нэртэй болсон.

1998-1999 оны хичээлийн жилээс хөгжмийн факультет соёлын коллежид шилжиж, цэцэрлэгийн багш арга зүйч бэлтгэх факультет нь УБИС-ийн бүрэлдэхүүний сургууль хэвээр үлдэв.

Цэцэрлэгийн багшийн сургууль тусгай боловсролтой 5141 хүмүүжүүлэгч багш, 119 дуу хөгжмийн багш бэлтгэжээ. 1995 оноос цэцэрлэгийн багш арга зүйч мэргэжлээр дипломын дээд боловсролтой, 1999 оноос бакалаврын боловсролтой 1195 багш арга зүйч, дуу хөгжмийн 29 багш бэлтгэсэн байна.

Цэцэрлэгийн багшийн сургууль байгуулагдсанаасаа хойш бүгд 7177 мэргэжилтэн бэлтгэж улсын хэмжээний цэцэрлэгийн багш нарын 90 орчим хувийг өөрийн төгсөгчдөөр хангаж байна.

Ректорын 2004 оны 165 тоот тушаалаар цэцэрлэгийн багшийн сургуулийг Сургуулийн Өмнөх Боловсролын коллеж гэж нэрлэдэг болжээ.

Эдүгээ мэргэжлийн болон заах арга зүйн 17 кабинет, урлаг спортын заал, компьютерийн лаборатори, 35000 номтой номын сан, уншлагын танхим зэрэг сургалтын орчинд 3 тэнхимийн 30 орчим багш /86 хувь нь эрдмийн болон боловсролын зэрэгтэй/ сургалт судалгааны ажлаа явуулж, 4 жилийн сургалтаар бакалаврын зэрэгтэй, 3 жилийн сургалтаар дипломын зэрэгтэй, 1,5-2 жилийн сургалттай зэрэг ахиулах бакалаврын сургалтаар цэцэрлэгийн багш, арга зүйч нарыг бэлтгэж байна.

СӨБС нь сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжлийн бакалаврын зэрэгтэй хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн /2006 он/ анхны сургууль болов.

 Бүтэц, зохион байгуулалт

  • Захиргаа, удирдлага 
  • Хөтөлбөрийн алба
  • Тэнхмүүд
  • Сургалт –судалгааны арга зүйн төв
  • Оюутны зөвлөл
  • Бакалавр, магистрийн сургалт
  • Эрдмийн зөвлөл
  • СЭШЗ
  • Сургалтын орчин
  • Хөтөлбөрийн хороо
  • Салбар хороо
  • Номын сан
  • МУБИС-ийн харьяа цэцэрлэг
  • Гадаад харилцааны хөгжил

СӨБС  нь  хөтөлбөрийн  алба,  1  төв, 3 тэнхимтэй. Одоогоор нийт  үндсэн багш 31 , хөтөлбөрийн албаны 10 ажилтан, үйлчилгээний 30  ажилтантай байна.   Үүнээс 1 профессор, 6 дэд профессор, 8  ахлах багш сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.