АРГА ЗҮЙН ТЭНХИМ


Сургуулийн өмнөх боловсролын салбарын мэргэжилтнийг бэлтгэх сургууль үүсч хөгжсөн 1962 оноос эхлэн 1997 он хүртэлх хугацаанд сурган, сэтгэл судлал, мэргэжлийн арга зүйн хичээлүүд нь Тусгай мэргэжлийн заах аргын нэгдэл болон Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхимд харъялагдаж байжээ. Харин 1997 оноос тус сургуульд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, арга зүйн хичээлүүдийг нэгтгэн бие даасан тэнхим байгуулснаар Арга зүйн тэнхим үүсч хөгжих эхлэл тавигджээ. Тус тэнхимийн анхны эрхлэгчээр П.Бямбадорж (1997-2001), улмаар дэд профессор, доктор /PhD/ Л.Алтансувд (2001-2007), дэд профессор, доктор /PhD/ Ц.Наранцэцэг (2007-2011),  доктор /PhD/ Ц.Оюунгэрэл (2011-2014) нар тус тус ажиллаж байжээ.

Өнөөгийн байдлаар Аргазүйн тэнхимийн эрхлэгчээр докторант Ш.Цэрэннадмид  (2014 оноос хойш) ажиллаж байгаа бөгөөд дэд проф, доктор /PhD/ Ц.Наранцэцэг, дэд проф, доктор /PhD/ Т.Цэндсүрэн,   доктор /PhD/ Л.Туяа, докторант Т.Эрдэнэчимэг, Б.Үнэнбаяр,  Б.Мягмар, Б.Төртогтох, Б.Жавзандулам, Д.Хажидмаа, Ц.Золзаяа, Н.Түвшинлхагва, Х.Жүгдэрнамжил нарын нийт найман багшийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, судалгааны чиглэлээрх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын сайн дурын ажилтан доктор /PhD/  Юүн Сог Рюун тус тэнхимд зөвлөх багшаар ажиллаж байна.

Тус тэнхимийн хамт олон “Багш, Сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрийн хүрээнд “Тоглонгоо суралцахуйн онол, арга зүй”, “Хүүхдийн хэл ярианы хөгжил”, “Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй”, “Хүүхдийн математик төсөөллийн хөгжил”, “Хүүхдийн математик төсөөллийг хөгжүүлэх арга зүй”, “Хүүхдийн бие бялдрын хөгжил”, “Хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх арга зүй”, “Хүүхдийн дүрслэн урлахуйн хөгжил”, “Хүүхдийн дүрслэн урлахуйг хөгжүүлэх арга зүй”, “Хүрээлэн буй орчинтой танилцуулах арга зүй”, “Үйлийн судалгаа” зэрэг хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг олон улсын чиг хандлага, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, МУБИС-ийн сургалтын бодлогод нийцүүлэн боловсруулж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан “Танилцах”, “Дагалдан суралцах”, “Туршин заах” дадлагыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Манай хамт олон сургуулийн өмнөх боловсролын салбарын хүрээний дэлхий нийтийн дэвшилтэт санаа, шилдэг арга технологийг нэвтрүүлж, туршилт судалгаа хийх замаар үндэсний хэмжээний сургалтын бодлого тодорхойлох тэнхим болж хөгжих зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд багш бүр олон улсын болон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт өөрийн судалгааны чиглэлээр амжилттай оролцож, зааж буй хичээл болон судалгаа, аргазүйн чиглэлээр ном, гарын авлага хэвлүүлэн үндэсний хэмжээнд түгээн ажиллаж байна. 

Түүнчлэн гадаад дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Австралийн Төв Күеенсландын их сургууль, АНУ-ын Нью-Мексикийн их сургууль, Японы Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Койка олон улсын байгууллага, Нийслэлийн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбоо зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.