ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ ӨДРИЙН НЭГ БОЛЛОО


Боловсролын чанарыг сайжруулах, багшлах боловсон хүчнийг зөв сонгон шалгаруулж  багш болох чин хүсэлтэй хүүхэд залууст өөрийгөө сорих боломж бүрдүүлэхэд  нэгэн алхам бий болгох зорилго бүхий орон даяар зохион байгуулсан “Радио конкурс” уралдаант нэвтрүүлэгт эх орны өнцөг булан бүрээс төгсөх ангийн сурагчид идэвхтэй өргөнөөр оролцсон билээ. 
 
Үндэсний хэмжээнд багшлах боловсон хүчинг бэлтгэж ирсэн ууган их сургууль МУБИС, Монголын үндэсний олон нийтийн радио /МҮОНР/ хамтран 2017 оны 2-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл орон даяар амжилттай зохион байгуулсан дунд  “РАДИО КОНКУРС” уралдаант нэвтрүүлэгт 18 аймгийн төгсөх  ангийн 120 гаруй сурагч идэвх зүтгэл, оюун ухаан, авьяасаа уралдуулан өрсөлдсөн юм.
 
МҮОНР-ын Хүүхэд Залуучуудын Редакцтай хамтран зохион байгуулсан МУБИС-ийн анхдугаар “Радио конкурс” уралдаант нэвтрүүлгийн ялагчаар Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Амгаланбаатарын Минжинсор тодорч, Архангай аймгийн Батцэнгэл сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Доржпаламын Нямдулам дэд байрт тус тус шалгарч МУБИС-д хүссэн ангиа сонгон суралцах эрхтэйгээс гадна, 1 жилийн сургалтын төлбөрөөс 100% хөнгөлөгдөх болов.
Ингээд шилдэг оролцогчдынхоо сэтгэгдлээс хүргэж байна.
 
“Радио конкурс” уралдааны ялагч А. Минжинсор:  /Хэнтий, Биндэр сум/
- Радио конкурс уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Учир нь энэхүү уралдаан нь “Багш болох чин хүсэл эрмэлзлэлтэй төгсөх ангийн сурагчдад ирээдүйн сайн багш болох том үүд хаалга нээж өгч буй хэрэгт нийт радио конкурс уралдаанд оролцогч сурагчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Нийт уралдааныг зохион байгуулсан хамт олонд мөн МУБИС-ийн хүндэт багш нартаа сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе.
 
“Радио конкурс” уралдааны дэд аварга Д.Нямдулам: /Архангай, Батцэнгэл сум/
- Миний сэтгэл маш их өндөр байна. 6-р сарын 12-ны энэ өдөр надад хэзээ ч мартагдашгүй өдрийн нэг болон үлдэж байна. Радио конкурс уралдаант нэвтрүүлэгт оролцоод 2-р байр эзэлсэндээ сэтгэл маш хангалуун байгаа. Нийт албаны ах, эгч нарта маш их баярлалаа
Шилдэг оролцогч А.Хонгорзул: /Дорноговь, Сайншанд сум/
- Багаасаа хүсэн мөрөөдөж байсан сургууль, мэргэжлээрээ суралцах болсон нь маш том боломж төдийгүй, хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд нэг алхам ойртож байгаадаа маш их баяртай байна. Мөн радио конкурс уралдаан тэмцээн нь цааш цаашдаа дахин зохион байгуулагдаж олон хүүхдэд боломж олгоосой гэж хүсэж байна. 
 
Шилдэг оролцогч Б.Энхзаяа: /Өвөрхангай, Арвайхээр сум/
- Энэхүү уралдаанд оролцоод “Бага ангийн багш”-ын ангид суралцахаар болсондоо сэтгэгдэл маш өндөр байна.  Багш бол нийгмийг хөдөлгөгч хүчин зүйл гэдэгтэй санал нийлдэг. Тиймээс ч багш болохыг багаасаа л зорьсон. Өнөөдөр зорилгодоо хүрч байгаадаа баярлалаа. Тус уралдааныг зохион байгуулсан Монголын Радио болон МУБИС-ийн багш нартаа баярлалаа.
 
Шилдэг оролцогч Д.Ундрам: /УБ хот, 28-р ЕБС/
- Энэхүү уралдаанд оролцосноороо өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлж илүү олон зүйл сурсандаа маш их баяртай байна. МУБИС, Радио телевизийн хамт олонд ийм том боломж олгосонд баярлалаа.
 
Шилдэг оролцогч Б.Золжаргал: /УБ хот, 87-р ЕБС/
- Энэ тэмцээн нь миний амьдралын маш том боломж юм. МУБИС нь миний орохыг хүссэн их сургууль байсан. Энэ сургуульд орох үүд маань Радио конкурс уралдаанд оролцосноороо нээгдсэн юм. Би маш их баяртай байна. МУБИС-д элсэн орж сургуулийнхаа нэрийг гаргасан шилдэг боловсон хүчин болох болно. Та бүхэнд маш их баярлалаа
Шилдэг оролцогч Д.Марал-Эрдэнэ: /УБ хот, 28-р ЕБС/
- Энэхүү уралдаанд орсноороо маш их зүйлийг сурч мэдэж, багш хүний ёс зүйг ч мэдэж авлаа. Та нартаа их баярлалаа.
 
Шилдэг оролцогч Т.Хоролгарав: /Хэнтий, Тэмүүжин ЦС/
- МҮОНР-ын Хүүхэд Залуучуудын Редакци, МУБИС-ийн хамтран зохион байгуулсан “Радио конкурс” уралдаант нэвтрүүлэг багш болох хүсэлтэй хүүхэд бүрт боломжийг олгосон сайхан тэмцээн байлаа. Энэ л торгон агшинд сайхан үгсийг сонсож, хүсэл мөрөөдлөөр улам их жигүүрлэж байна. Зөвхөн хүсэл мөрөөдөл гэхгүйгээр тэвчээр хатуужил, олон талын мэдлэгийг минь шалгаж, олон мэдээ мэдээллийг олж авсан. “Радио конкурс” уралдаант нэвтрүүлэгт амжилттай оролцсондоо маш их баяртай байна.
 
Шилдэг оролцогч Б.Одхүү /УБ хот, 88-р ЕБС/
- “Радио конкурс” уралдаант тэмцээнд оролцсондоо их баяртай байна.Тэмцээнийг зохион байгуулсан ах эгч нартаа ажлын өндөр амжилт хүсье. Мөн Нийслэлийн БЗД-ийн 88-р сургуулийн захиргаа, нийт багш нартаа, ангийн хамт олондоо баярлалаа гэж хэлье.
Ингээд багш болох хүсэл мөрөөдлөө биелүүлэх том алхамыг өөртөө хийж,  өөрсдийн авьяас оюунаа сорин тус уралдаант нэвтрүүлэгт идэвхтэй амжилттай оролцон шилдэгээр шалгарч МУБИС-д элсэн суралцах эрх болзол хангаад байгаа бүх оролцогч авьяаслаг дүү нартаа баяр хүргэж, эх орондоо ихийг бүтээж чадах эрдэмтэн багш нар болохын ерөөлийг өргөе. Эрдэм номын гэгээн буян мөнхөд арвин байг. 
 
Т.Дуламрагчаа