“ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ” үүдийг МУБИС арга зүйгээр чиглүүлнэ.


МУБИС анхны “ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ”-өө 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нээлээ.  Монгол Улсын Боловсролын их сургуулийг түшиглэн нээж буй энэхүү ЗАЙНЫ СУРГАЛТЫН ТӨВ нь Монголын их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагчдад зориулан зайны болон танхимын сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна мультимедиа студийн тусламжтайгаар зайны сургалтын хичээл, лекцийн бичлэг, багш, оюутны үйл ажиллагаа, туршлагыг сурталчилах ажлыг гүйцэтгэх, багш нарын боловсруулсан сургалтын ном, хэрэглэгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулах, онлайн шалгалт зохион байгуулах, зайны сургалт болон үнэлгээний чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг бие даан болон хамтран зохион байгуулах юм. Тус төвийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙН хүрээнд Монгол Улсын Боловсролын их сургуулийг түшиглэн ийнхүү байгууллаа. Дээд боловсролын багшийн, тэр дотроо багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, ажилтны хөгжлийг дэмжих, зайны сургалтын тогтолцоо бий болгох  зорилготой Зайны сургалтын 5 төвийг МУБИС, Ховд Их Сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургууль дээр тус тус байгуулсан байна. Эдгээр төвүүдтэй хамтран ажиллах, үндэсний түвшний үйл ажиллагаа зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүргийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Мэдээллийн технологи, зайн сургалтын алба хариуцан ажиллах юм. Нээлтийн ёслолд БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т. Амаржаргалан, МУБИС-ийн захирал Д. Мандах, МУБИС-ийн Мэдээллийн технологи, зайны сургалтын албаны дарга доктор Л.Мөнхтуяа нар баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн БМДИ, БМИҮЗ, Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын төв, Ховд, Завхан, Дорнод, Архангай дахь зайны сургалтын төвийн төлөөлөл болон МУБИС, бусад их дээд сургуулиудын эрдэмтэн багш нарын төлөөлөл хүрэлцэн ирэв. Нээлтийн арга хэмжээний үеэр  Ховд Их Сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Архангай аймаг дахь зайны сургалтын төвүүдтэй шууд холбогдон хамтран ажиллав. Ингээд Багш боловсролын шинэчлэлийн нэгээхэн бодит бүтээн байгуулалт бүхий тус арга хэмжээнд оролцсон бүх хамт олонд талархал дэвшүүлж, сайн сайхныг хүсье. Сайн үйлс үргэлж дэлгэрэх болтугай.