"Оюутны хөгжлийг дэмжих танхим"-ыг нээлээ

 

МУБИС болон “Эртэч Монгол” хөтөлбөрийнхөн хамтран МУБИС-ийн хичээлийн А байроны 1 давхарт "Оюутны хөгжлийг дэмжих танхим"-ыг байгуулж, ашиглалтад орууллаа. Уг танхимыг оюутнуудад зориулсан орчин үеийн номын сан, принтер, технологийн дэвшлийг ашиглах ухаалаг оффис болгож, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр тооцоолон тохижуулсан юм.  Танхимын нээлтэд МУБИС-ийн удирдлагууд, “Эртэч Монгол” төслийн санаачлагч Н.Энхбаатар, МУБИС-ийн багш, оюутнууд оролцсон юм.

 

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн III курсийн оюутан Г.Рэгмаа: Энэ танхим өмнө нь хэдэн сандал, ширээ бүхий задгай өрөө байсан. Харин одоо оюутныг хөгжүүлэх танхим болсноор загвар дизайн, харагдах байдлаас ихээд олон шинэ технологийг байршуулж тохилог оффис мэт гоё болсонд баяртай байна. Хувь хүний хөгжлийн хичээлийг сургалтын хөтөлбөр байдлаар үзэх боломжийг бүрдүүлсэн тохилог, шинэлэг танхимтай болсондоо маш их баяртай байна. Суралцах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн сургуулийнхаа удирдлагуудад болон  “Эртэч Монгол” хөтөлбөрийн хамт олонд талархлаа. Мөн олон төрлийн клубууд маань үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулах  олон шинэ технологитой танхимтай болсонд Клубуудын нэгдсэн зөвлөлийн ахлагчынхаа хувьд сэтгэл өндөр байна. Бусад оюутнууд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байна” гэв. 

Танхимын үүдэнд "Хувцасаа өлгүүлж, улавч өмсөж орно уу" гэсэн бичиг наажээ. Энэ нь орчин үеийн оффисын соёлын нэгэн чухал хэсэг юм. Ийнхүү МУБИС-ийн оюутнууд хичээлээрээ дамжуулан өөрсдөдөө бий болгож, бусдад сайн сайхныг түгээдэг нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулах боломж бүрдлээ.

Видео мэдээ: https://www.facebook.com/MSUE1951/videos/1176262689651216