Эрхэм хүндэт эрдэмтэн багш, албан хаагчид, түүхийн хэлхээс болсон ахмадууд, боловсролын түүчээ болох оюутан суралцагчид та бүхэндээ МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль нь 1962 онд “Цэцэрлэгийн багш нарыг бэлтгэх сургууль” нэртэйгээр байгуулагдаж эдүгээ Монгол Улсын Боловсролын Их сургуулийн бүрэлдэхүүний сургууль болтлоо өргөжин цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн хөгжмийн багш, судлаачдыг бэлтгэдэг салбарын томоохон төлөөлөл болж, хөгжин дэвшсээр байна. Манай хамт олон үндэсний хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын салбарын багшлах боловсон хүчний 90 гаруй хувийг дангаараа бэлтгэхийн сацуу олон улсын жишигт нийцсэн сургууль болох, хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай багш, боловсон хүчин бэлтгэхээр зорин ажиллаж байна.
Уг зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бага насны хүүхдийн хөгжлийг дэмжсэн, чанартай, хүртээмжтэй, үр ашигтай сургалтыг зохион байгуулах нийгмийн хэрэгцээг хангах багш, мэргэжилтнийг тасралтгүй бэлтгэхийн зэрэгцээ, сургалт судалгаа, инновацын төв болтлоо тэлэхийг алсын хараагаа болгосон юм. Бидний зорин ажиллаж буй ажлын үнэлэмж нь хөтөлбөрийн 3 удаагийн магадлан итгэмжлэл, ISO-9001 чанарын стандартыг нэвтрүүлсэн зэргийг дурдахад таатай байна.
Цаашид бид мэргэшсэн баг хамт олны чадамжид тулгуурлан сургуулийн өмнөх боловсролын салбарын сургалтын бодлого, арга зүйн хөгжлийг тодорхойлогч байж, улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны цөм байхын төлөө хичээж ажиллахаа илэрхийлээд эрдмийн уурхай болсон сургуулийн үүд хаалга салбарын багш, сурган хүмүүжүүлэгчид, багш болох сонирхолтой хүүхэд залуусын өмнө үргэлж нээлттэй байх болно.
Түүхийн жимээр хамт алхаж, нэгэн жарны түүхийг бүтээлцэж буй хүн бүхэнд “Хөгжилд хөтөлсөн жаран” жилийн мэндийг дахин хүргэе.
Захирал доктор, дэд профессор Л.Ганцэцэг