ЭЭЛЖИЙН БАГШ АЖИЛЛУУЛАХ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр 2021-2024 т цэцэрлэгийн багшийн ажлын ачааллыг бууруулах, хүүхдийг ажиглах, судалгаа хийн өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ээлжийн багш ажиллуулах БШУ-ны сайдын тушаал батлагдаж 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн сонгогдсон дүүргүүдэд ээлжийн багшийг ажиллуулж байна. Үүнд МУБИС-ийн СӨБС-ийн 4-р дамжааны оюутнууд хамрагдаж байна. Сургуулийн зүгээс ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтай байнгын холбоотой ажиллаж, тэдгээрийн ажлын байран дээрх үйл ажиллагаа, сэтгэл санааны байдал, өөрийгөө хөгжүүлж буй үйл явц гэх мэт тэдний дуу хоолойг байнга сонсож, зарим асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал 2021 оны 11-р сарын 19 ны өдөр “Цэцэрлэгт ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудтай хийх уулзалт, ярилцлага”-ыг зохион байгууллаа. Уулзалтад БШУЯ-ны СӨБ хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамжав, НБГ-ын орлогч дарга М.Цогзолмаа, НБГ-ын мэргэжилтэн Б.Мөнхзаяа, СӨБС-ийн удирдлагууд, багш нар оролцож ээлжийн багшаар ажиллаж буй оюутнуудын сонирхсон асуултад хариулж, дээрх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус үйл ажиллагаанд ээлжийн багшаар ажиллах хугацаандаа 100 хувийн ирцтэй, идэвх санаачлагатай ажиллаж байгаа 13-н оюутнуудыг шагнаж урамшуулан, нийт ээлжийн багш оюутнууддаа талархал илэрхийллээ. Цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах нь оюутныг мэргэжилдээ бэлтгэгдэх, төгсөгчдийн чанар сайжрах, суралцангаа ажиллах, орлоготой оюутан болох цаашлаад төгсөөд ажлын байраар хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Ингээд Улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж, цаашдаа цэцэрлэгийн багшийн ажиллах нөхцөл байдалд нөлөөлөхүйц томоохон туршилтын түүхийг бүтээлцэж буй оюутан залуусдаа өнөө маргаашийн бэрхшээлээс илүү алсыг харж, хариуцлагатай, санаачилгатай, манлайлалтай байхыг хүсэе.