МЭНДЧИЛГЭЭ

Нийгмийн үнэт баялаг болох ирээдүйн иргэдийг хөгжүүлэн төлөвшүүлэх, бага насны хүүхдийн ухаан билгийн оньсыг нээгч эрдмийн өргөө болсон Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй эрхэм хүндэт профессор багш, ажилтан албан хаагч, үе үеийн ахмад багш, сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, оюутан суралцагчид та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Залуу оюуныг судраар цэнэглэж, шинэ зууны хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүргэдэг тус сургууль нь анх 1962 онд Багшийн сургуулиас туурга тусгаарлаж эдүгээ Монгол улсад хүүхдийн цэцэрлэгийн багш, аргазүйч, хөгжмийн багшийг бэлтгэсэн нь Монгол улсын Боловсролын салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр юм.
Эрдэмтэд, тэр дундаа тархи судлаачид хүний амьдралын эхний 1000 хоног нь түүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе болохыг нотолжээ. Түүнчлэн бага насны хөгжил, боловсролыг дэмжих нь насан туршийн ухаалаг хөрөнгө оруулалт болохыг эрдэмтэд баталсан бөгөөд тус сургуулийг төгсөгчид нь энэхүү хөгжлийн чухал шатандаа байгаа бага насны хүүхдүүдэд асаргаа халамж, хамгаалал, боловсролын цогц үйлчилгээг хүргэдэг багш, сурган хүмүүжүүлэгчид юм. Эдгээр багш нарыг бэлтгэж байгаадаа бид бахархдаг бөгөөд бидний ажлын нийгмийн үнэ цэнэ үүнд л оршдог юм.
Монгол улсын Засгийн газраас хүүхэд бүрт сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш хүргэх нийгмийн хариуцлагатай үүргээ энэхүү салбарт ажиллаж буй мянга мянган багш сурган хүмүүжүүлэгчид, тэдгээрийг бэлтгэдэг багшийн сургуулийн хамт олон бид амжилттай хэрэгжүүлэхийн төлөө санаа зорилго нэгдэн ажиллаж байна.
Эцэст нь тэмдэглэхэд, нэгэн жарны босгыг алхаж буй тус сургуулийн профессор багш, ажилтан албан хаагч, оюутан суралцагчдадаа ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, эрдэм номын гэгээн сайхан үйлст нь ашдын сайхан ерөөлийг дэвшүүлье.
Эрдэм номын цагаан буян дэлгэрэх болтугай.
МУБИС-ийн профессор, доктор (Ph.D) Жамсрандоржийн Батдэлгэр