За
хирлын мэндчилгээ
Сургуулийн Өмнөх Боловсролын Сургууль нь Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын салбарын багш мэргэжилтэн бэлтгэдэг төрийн өмчит сургууль юм. СӨБС нь Хөтөлбөрийн алба, Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим, Арга зүйн тэнхим, Хүүхдийн хөгжил судлалын тэнхим гэсэн бүтэцтэйгээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Боловсрол бол хүний хөгжил, бидний ирээдүй бөгөөд мэдэх, чадах, амьдрах гэсэн баримтлалд тулгуурладаг. Боловсролын хөгжлийн суурийг орчин цагийн хувьсал, хүний хөгжил, төрийн бодлоготой холбож, шинжлэх ухааны мэдлэгийг практик хэрэглээтэй хослуулах нь чухал. Дэлхий нийтээрээ хувь хүний ялгаатай байдлыг ойлгож, тэгш хүртээмжтэй боловсрол олгохыг эрхэмлэж байна. Зөв хандлагатай, суралцахуйг эзэмшсэн, хийж бүтээх эрмэлзэлтэй, амьдрах чадвартай иргэнийг бий болгох цаг үеэ мэдэрсэн бүтээлч, зөөлөн ур чадвартай, багш нарыг бэлтгэхээр бид ажиллаж байна. Мөн нийгэмд эрэлт хэрэгцээтэй бусад олон мэргэжлээр МУБИС боловсон хүчин бэлтгэсээр ирсэн. Тус сургууль нь ХБНГУ-ын олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэх ACQIUN байгууллагаар "Багш, сургуулийн өмнөх боловсрол" хөтөлбөрийг 2030 он хүртэл, мөн БМИҮЗ-өөр "Сургуулийн өмнөх боловсрол" магистрын хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай, байгууллагын магадлан итгэмжлэлийг 2024 онд 10 жилийн хугацаатай тус тус баталгаажуулсан амжилттай байна. Манай хамт олон үндэсний хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын салбарт тэргүүлэгчийн байр суурийг хадгалж, цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийн баталгааг магадлан итгэмжлэл гэрчилж байна. Цаашид 60 гаруй жилийн түүхтэй СӨБС-ийн мэргэшсэн баг хамт олны чадамжид тулгуурлан сургуулийн өмнөх боловсролын салбарын сургалтын бодлого, арга зүйн хөгжлийг тодорхойлогч байж, улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны цөм байхын төлөө хичээж ажиллахаа илэрхийлж байна. Эрдмийн уурхай болсон манай сургуулийн үүд хаалга сургуулийн өмнөх боловсролын багш, мэргэжилтэн болох сонирхолтой хүүхэд залуусын өмнө үргэлж нээлттэй байх болно гэдгийг дурдахад таатай байна.Улс эх орныхоо ирээдүй болсон 21-р зууны Монгол иргэнийг төлөвшүүлэх үндэс суурийг тавьж, боловсролын салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, шинэ элсэгчдээ угтан, төгсөх ангийн оюутнууддаа цэцэрлэгийн багш мэргэжлийг эзэмшүүлэн амьдралын их далайд хөтлөн гаргах сургуулийнхаа эрдэмтэн багш, албан хаагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Захирал, Доктор (Ph.D) Б.Мөнхзаяа