Хөтөлбөрийн алба

Хөтөлбөрийн алба

Хөтөлбөрийн албаны үүсэл хөгжил нь тус сургуулийн түүхэн замналтай салшгүй холбоотой бөгөөд 1962 онд сургууль байгуулагдсан цагаас эхлэн “Сургалтын алба” нэрийн дор анхны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Тухайн үед сургалтын бодлого, хичээл зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байсан хичээлийн эрхлэгчээр Ц.Үдэрпил, П.Бямбадорж нар ажиллаж, сургалтын албаны даргаар Б.Эрдэнэчимэг, Ц.Жигмэд нар томилогдон, сургалтын үйл ажиллагааг тогтвортой, системтэй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Цаг үеийн шаардлага, дээд боловсролын шинэчлэлийн бодлоготой уялдан сургалтын албаны чиг үүрэг өргөжин тэлж, хөтөлбөрт суурилсан удирдлага, чанарын баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгцээ бий болсноор “Хөтөлбөрийн алба” болон хөгжжээ. Энэхүү шинэчлэлийн хүрээнд сургалтын агуулга, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээг цогцоор нь удирдан зохион байгуулах бүтэц бүрэлдэж, орчин үеийн их сургуулийн менежментийн чиг хандлагад нийцсэн чухал нэгж болон төлөвшсөн юм. Хөтөлбөрийн албаны даргаар Л.Алтансувд (2014–2021), Ш.Цэрэннадмид (2021–2023), Д.Туяа (2023–2026) нар ажиллаж, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлсэн бол 2026 оноос Б.Төртогтох тус албыг удирдан ажиллаж байна. Өнөөдөр тус Хөтөлбөрийн алба нь мэргэжилтэн Т.Уранчимэг, М.Бямбахишиг, оюутанд үйлчлэх арга зүйч М.Маралмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.  Эдгээр удирдлагуудын манлайллын дор хөтөлбөрийн алба нь сургалтын бодлогыг тасралтгүй сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэхэд чиглэсэн бодитой ажлуудыг хэрэгжүүлж ирсэн бөгөөд элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, оюутны хөгжлийг дэмжих, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, чанарын үнэлгээ, магадлан итгэмжлэлийн үйл явцыг хэрэгжүүлэх зэрэг олон талт ажлыг хариуцан ажилладаг.

Ийнхүү хөтөлбөрийн алба нь хагас зуун гаруй жилийн хугацаанд уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжиж, их сургуулийн сургалтын чанарыг баталгаажуулах, хүний нөөцийг чадваржуулах, боловсролын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй чухал нэгж болон төлөвшсөн түүхтэй юм.