Түүхэн замнал

МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн танилцуулга

Түүхэн товчоо

Манай сургууль үүсэж хөгжсөн цагаас эхлэн Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын салбарын үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдийг 64 жилийн турш бэлдсээр ирсэн баялаг түүхтэй, төрийн өмчит сургууль юм.

1962 онд УБИС-ийн харьяа Цэцэрлэгийн багшийн коллеж, 1996-1997 оны хичээлийн жилээс МУБИС-ийн бүрэлдэхүүний сургууль, 2014-2015 оны хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлтөөр МУБИС-ийн Багшийн сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургууль болсон. 2017 оноос одоог хүртэл МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн нэг СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ болон өргөжин хөгжиж байна. Манай сургууль нь Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын салбарын багш мэргэжилтэнг бэлтгэдэг төрийн өмчит ууган сургууль юм.

Одоогоор Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль нь дараах алба нэгжийн бүрэлдэхүүнтэй МУБИС-ийн хичээлийн 8-р байранд, дараах алба, нэгж, тэнхимтэй үйл ажиллагаа явуулж байна.

  • Хөтөлбөрийн алба
  • Захиргаа, аж ахуй
  • Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим
  • Арга зүйн тэнхим
  • Хүүхдийн хөгжил судлалын тэнхим

Сүүлийн жилүүдэд МУБИС нь олон улсын жишигт нийцсэн их сургууль болж, хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай багш бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, чанартай, хүртээмжтэй, үр ашигтай сургалтыг зохион байгуулах үндэсний хэмжээний багш, мэргэжилтэнг тасралтгүй бэлтгэхийн зэрэгцээ сургалт судалгаа, инновацын төв болон  хөгжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Манай сургуульд ОХУ, Австрали, Япон, БНСУ, Сингапур, АНУ, БНХАУ-д суралцаж, мэргэжлийн арга зүй, ур чадвараа дээшлүүлсэн, эрдмийн арвин бүтээлтэй, суралцагчдыг үлгэрлэх арга барил, туршлагатай эрдэмтэн багш нар ажиллаж байна. Сургуульд нийт 26 эрдэмтэн багш ажиллаж, бакалавр, магистрын түвшиний 900 орчим оюутанд үйлчилж байдгаас гадна багш нарын 70 хувь нь докторын зэрэгтэй, 30 хувь нь докторант юм.                      

 Сургалт:

Манай сургуульд “Багш, сургуулийн өмнөх боловсрол” бакалаврын хөтөлбөрөөр өдөр (4 жил) , эчнээ (4,5 жил), хөрвөх (1,5-2 жил), зэрэглэл ахиулах (1-1.5 жил)   хэлбэрээр, түүнчлэн “Сургуулийн өмнөх боловсрол” магистрын хөтөлбөрөөр мэргэжлийн, судалгааны чиглэлээр (1,5-2 жил)  суралцах боломжтой.

Элсэхэд тавигдах ерөнхий шаардлага нь тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо босго оноог харгалзах ба тухайн салбарт 3-аас дээш жил ажилласан, 30-аас дээш насны иргэнийг ЭЕШ-ын оноогүй элсүүлэн суралцуулах боломжтой.

Бакалаврын зэрэгтэй хөрвөх ангийн элсэгч нь зөвхөн бакалаврын зэрэгтэй элсэгч  суралцах боломжтой. Сургалтын хугацаа нь судлах хичээл, дүйцүүлэн тооцсон хичээлээс хамааран 1.5-2.5 жилийн хооронд хэлбэлзэнэ. Эчнээ, хөрвөх ангид суралцагч нэг улирлын хугацаанд 8 долоо хоног цахим, 8 долоо хоног танхимд хичээллэхээр зохицуулагдана.

“Багш, сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд ерөнхий суурь, багш мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийг үзэж судлахаар тусгасан. Мэргэжлийн хичээл анги нийтээр, бүлгээр, ганцаарчилсан байдлаар зохион байгуулагддаг.

Тухайн ангийн суралцагчид мэргэжлийн хичээлээр үзэж судалсан агуулгаар тайлан тоглолт, сургуулийн ойн баяр, тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцох, бие даасан ангийн тоглолтыг зохион байгуулах уламжлалтай болсон.

Хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бид гадаад, дотоодын олон их сургуультай хамтран ажиллаж байна. Тухайлбал: ХБНГУ-ын Бавар мужийн Боловсролын институт, АНУ-ын Нью Мексикийн их сургууль, Канзасын их сургууль, Хонконгийн боловсролын их сургууль, ОХУ-ын Москвагийн Багшийн их сургууль, Буриадын багшийн их сургууль, БНХАУ-ын ӨвөрМонголын багшийн их сургууль, БНСУ-ын Кеонины Боловсролын их сургууль, Австралийн Төв Күеенсландын их сургууль, Канадын Торонтогийн их сургуулиудтай багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж харилцан туршлага солилцдог уламжлал тогтлоо.

Олон улсын магадлан итгэмжлэл:

“Багш, сургуулийн өмнөх боловсрол” бакалаврын хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд ХБНГУ-ын ACQIUN байгууллагаар 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн нь манай сургуулийн сургалтын чанар, нийгэм, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнийг илтгэнэ.

“Сургуулийн өмнөх боловсрол” магистрын хөтөлбөрийг 2023-2024 оны хичээлийн жилд Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэв.

Оюутны хөгжил:

Элсэхээс авхуулаад бүртгэн манай сургуулийн оюутан болох явц бүрд Хөтөлбөрийн албаны албан хаагчид байнга туслан дэмжиж, систем ашиглах, төлбөр төлөх, оюутны байраар хангах, цаашлаад хичээл сонголт хийх явц хүртэл зааж зөвлөн, хэрэгцээтэй үед дагуулан явж газарчлан зааварлах ч үе байна. Түүний дараагаар “Багш мэргэжлийн удиртгал” хичээлээр сургуулийн орчин, багш, албан хаагчидтай танилцах Багш гэх мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах чухал хичээлээр шинэ элсэгчид багагүй ойлголтыг авна. Хүн бол нийгмийн амьтан төдийгүй дараа дараагийн курс ахих тусам илүү нийгэмшиж, шинээр элсэгчдэд зааварчлах хүртлээ хөгжсөнийг харах бидний ажлын үр дүн гэж дүгнэдэг.