“Оюутан солилцоо-2026” хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн салбар сургуулиудын оюутнууд туршлага солилцлоо.
Монгол Улсын Боловсролын Их сургууль орон нутгийн салбар сургуулиудын дотоод хамтын ажиллагааг бэхжүүлэх, суралцагчийн хөгжлийг дэмжих зорилгоор Баян-Өлгий аймгийн 4 оюутан 2026 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Сургуулийн өмнөх боловсролын сургуульд 14 хоногийн хугацаанд суралцан, хамтран туршлага солилцлоо.
Оюутнууд сургуулийн удирдлага, багш нартай уулзаж, сургалтын орчин, анги танхим, лекцийн өрөөтэй танилцан, оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож 1–3 дугаар курсийн хичээлүүдэд хамрагдаж (багш мэргэжлийн удиртгал, хүүхдийн цогц хөгжил, дүрслэх урлаг, байгалийн ухаан, хөгжмийн боловсрол, математик төсөөлөл, хөгжимт хөдөлгөөн, найрал дуу, дүрслэх урлаг, ажиглалт, үнэлгээ) онол, практикийг хослуулсан мэдлэг, ур чадвараа хөгжүүлэв. Сургалтаас гадна зөвлөх найзын хамт номын сантай танилцах, музей үзэх, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар зочлох зэрэг танин мэдэхүйн үйл ажиллагаа, Case study хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хуралд сууж, чөлөөт цагийг спорт тоглоом (сагс, гар бөмбөг), хөгжөөнт үйл ажиллагаанд оролцож, хамтын ажиллагаа, харилцааны ур чадвар зэрэг харилцан туршлага солилцлоо. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогч оюутнуудад сургуулийн захирал Б.Мөнхзаяа болон зөвлөх багш нар батламж, гарын бэлэг гардуулж, талархал илэрхийллээ. Энэхүү оюутан солилцооны хөтөлбөр нь оюутнуудын харилцан туршлага солилцох, өөрийгөө хөгжүүлэх, шинэ орчинд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд оролцогчид сэтгэл хангалуун дүүрэн нутаг буцлаа.
