“Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн үнэлгээний асуудал” их семинар зохион байгуулагдлаа
МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган, сэтгэл судлалын” тэнхимээс 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Таван настай хүүхдийн хөгжлийн үнэлгээ” сэдэвт их семинарыг амжилттай зохион байгууллаа.
Тус семинар нь МУБИС-ийн СӨБС дээр танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдсан бөгөөд сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн үнэлгээний онол, арга зүй, олон улсын туршлагыг судлах, багш, судлаачдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлын чанарыг сайжруулах зорилготой байв.
Семинарт Япон улсын Нагоя их сургуулийн “Хүний хөгжил, дэмжлэг судалгааны төв”-ийн хүүхдийн сэтгэцийн эмч, доктор Номура Кенжи “Таван настай хүүхдийн хөгжлийн үнэлгээ” Япон орны туршлага сэдвээр илтгэл тавьж, олон улсын туршлагаас хуваалцлаа. Мөн МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн багш, Тэгш хамруулах боловсролын нийгэмлэгийн тэргүүн, доктор, дэд профессор Д.Одгэрэл “Хүүхдийн хөгжлийн үнэлгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Их семинарт МУБИС-ийн багш, судлаачид, магистр, докторын оюутнууд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, мэргэжилтнүүд, мэргэжлийн ангийн оюутнууд болон холбогдох байгууллагын төлөөлөл өргөнөөр оролцож оролцогчдын дунд идэвхтэй санал солилцоо өрнөв.