БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль” 2026–2027 оны хичээлийн жилээс “Сэтгэл судлал–Бага насны хүүхдийн сэтгэл зүйч” бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрийн анхны элсэлтээр 59 оюутан өдрийн ангид суралцаж байна.

Амьдралын эхний зургаан жил нь хүүхдийн танин мэдэхүй, хэл яриа, нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийн хөгжлийн суурь бүрэлдэх чухал үе юм. Энэ үед хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээг танин мэдэж, сэтгэл зүйн хямралаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай дэмжлэгийг эрт үзүүлэх нь цаашдын суралцахуй, харилцаа, сэтгэл зүйн сайн сайхан байдалд чухал ач холбогдолтой. Иймээс бага насны хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч бэлтгэх хэрэгцээ тулгарч байна.

Хүүхдийн цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллахтай холбоотой мэргэжлийн шаардлага мөн тодорхой болж байна. Тухайлбал, Боловсролын сайдын 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/181 дүгээр тушаалаар “Хүүхдийн цэцэрлэгийн сэтгэл зүйчийн албан тушаалд тавих нийтлэг шаардлага”-ыг баталсан. Уг баримт бичигт хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ажиглах, судлах, үнэлэх, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш нарт зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн багтай хамтран ажиллах чиг үүргийг тусгасан нь энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхийн ач холбогдлыг улам тодотгож байна.

Хөтөлбөрөөр оюутнууд дөрвөн жилийн хугацаанд нийт 135 багц цаг судалж, бакалаврын зэрэг эзэмшинэ. Сургалтын агуулгад сэтгэл судлалын суурь болон мэргэжлийн мэдлэгийг бага насны хүүхдийн хөгжлийн онцлогтой уялдуулан тусгасан. Тухайлбал, хүүхдийн сэтгэл судлал, хөгжлийн сэтгэл судлал, хүүхдийн хөгжлийн ажиглалт, үнэлгээ, хэл яриа, танин мэдэхүйн хөгжил, нийгэм, сэтгэл хөдлөлийн хөгжил, тоглоомын сэтгэл зүй, хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сэтгэл зүйн алба зэрэг хичээлийг судална.

Онолын мэдлэгийг практикт хэрэглэх чадвартай болгох зорилгоор сургалтын төлөвлөгөөнд нийт 14 багц цагийн дадлага тусгасан. Оюутнууд танилцах, хүүхдийн судалгаа, оношилгоо, сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сэтгэл зүйн албаны болон мэргэшүүлэх дадлагыг үе шаттай гүйцэтгэснээр хүүхдийн хөгжлийн хэрэгцээг судлах, үнэлэх, мэргэжлийн ёс зүйг баримтлан дэмжлэг үзүүлэх, гэр бүл, багш, бусад мэргэжилтэнтэй хамтран ажиллах чадварыг эзэмших юм.

Тус хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудын мэргэжлийн  хөгжил, төлөвшлийг дэмжих төрөл бүрийн үйл ажиллагааг “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сурган, сэтгэл судлалын тэнхим” хариуцан зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсад сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан эрдэмтэн, багш нарын цуврал лекцийг оюутнуудад шат дараалалтай зохион байгуулахаар төлөвлөж, тэдэнд мэргэжлийнхээ онцлог,  үнэ цэн, хариуцлагыг танин мэдэх, эрдэмтэн судлаачдын мэдлэг, туршлагаас суралцах боломжийг  бүрдүүлж байна.

Бага насны хүүхдийн сэтгэл зүйч бэлтгэх энэхүү хөтөлбөр нь хүүхдийн хөгжлийг дэмжих, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, гэр бүлийн хамтын ажиллагааг мэргэжлийн түвшинд дэмжих хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Бусад мэдээ